The page you are viewing is totally Enkhsaikhanized.

Аян замын тэмдэглэл

April 21st, 2008 Posted in Боловсрол, Түүх, Хүмүүс

Нэгдүгээр хэсэг

Эхнэр бид хоёр саявтархан нэг Бээжин явах хэрэг болвоо. Зардал мөнгө тохь тухаа бодоод олон улсын шууд галт тэргээр явлаа. Яарч сандарч яваад юухэв гээд цаг тавиу вокзал очиж, купендээ орж явчихав. Хүн алгаа. Бид 2-уулхнаа байвал тухтай ч юмуу гэсэн шиг наана цаадахыг ярилцан суух үед 50 гаран насны гэр бүлийн хоёр орж ирлээ. Тэд авч явсан ганц том цүнхээ суудал доогуур хийж төвхөнөхтэй зэрэгцэн гал тэрэг ч хөдлөв. Ингээд купений “найз”-уудтайгаа танилцлаа. Ахыг Магсар, гэргийг нь Нарантуяа гэнэ. Онцгойрох содон зүйлгүй, эгэл жирийн Монголчууд.

С.Магсар

Монгол улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн түүхийн хамгийн оргил үед нь дасгалжуулагчаар ажиллаж байсан хүн болж таарлаа. Мехико 68, Мюнхен 72, Монреал 76, Москва 80 гээд манай олимпизмын түүхэн дэхь хамгийн өндөр амжилттай оролцсон жилүүдэд шигшээ багийг ахалж байжээ. Хамгийн сүүлд 2004 оны Афины олимпт төлөөлөгчийн хувиар оролцсон. Магсар гуай нэг ном бичжээ. Монголын чөлөөт бөх, олимпизмын тухай. Хэрхэн яаж оролцож ирэв, хэн хэн хэнтэй барилдаж байв гээд л. Өөрөө фото зурагт сонирхолтой, хэдэн зураг авдаг байсныгаа бас хачирлачихсан. Ингээд бичиж бэлдсэн номоо хэвлүүлхээр суудаг сууцаа барьцаанд тавьчихаад Бээжингийн хэвлэлийн компанийг зорьж яваа нь энэ ээ.

Р.НарантуяаШинжлэх ухааны академийн уран зохиолын хүрээлэнд ажиллаж асан (тэтгэвэрт гарсан) доктор. Ил далд утгатай уран зохиолын судалгааны ажил хийдэг. Гэнэт л эхнэр бид хоёр замын турш ярианы сэдэвтэй болчихсон юм даг. Би хувьдаа Монголын уран зохиолын гоё сайхныг нь үнэхээр олж мэдэрч чаддаггүй. Нацагдорж ахын “Миний нутаг”-ийг дориухан дундаж шүлэгчийн нойрмоглож байхдаа бичсэн шүлгээс юугаараа тийм их ялгаатайг олж хардаггүй. Б.Явуухуланг хайр дурлал, янаг амрагийн яруу найрагчаар төсөөлдөг. Ийм л зиндааны уран зохиол уншигч л даа. Та ч иймэрхүү л хавьцааны мэдлэгтэй гэж бодож байна. Ил далд, гүн нарийн утгатай уран зохиол гэж байна аа. Чухамдаа 1920-оод оноос өдгөөг хүртэл Монголын шинэ үеийн уран зохиолын сонгодог төлөөлөгчид энэ л аргаар бүтээл туурвилаа хийж байсан байх юм. Утга санааг далдлах олон арга хэлбэртэй. Өрнийн, дорнын гээд ялгаа заагтай. Өндөр боловсронгуйгаар хөгжсөн арга техниктэй. Иймэрхүү л юм ярьж эхэлсийн. Ойх юм ч одоохондоо алга. Цааш нь. Нацагдорж ах амьдралдаа зүгээр нэг од сарны тухай шүлэг туурвисан ганц ч тохиолдолд үгүй юм гэнэ. Гайхаад явчихав өө. “Яагаав нөгөө Марс, Сараа, Нараа гээд тэд нарыг чинь Нацгаа ах бичээгүй билүү?” гэсэн, “Международный Ассоциаци Революционных Союзов, гэхээр юу болж байна?” гэдгийм байна. Ухаан нь хөөе тэнд амьдрал ямар байна, танайх улс орноо яаж байгуулж байна, манай эндэх шиг балиар будлиан байна уу, төр улс чинь эрүүл үү, гэх маягийн санааг бусад соц улсууддаас сураглаж байгаа нь тэр юм.

  • Хэнтий, Хангай, Саяаны
  • Өндөр сайхан нуруунууд
  • Хойд зүгийн чимэг болсон
  • Ой хөвчийн уулнууд
  • Мэнэн шарга номины
  • Өргөн их говиуд
  • Өмнө зүгийн манлай болсон
  • Элсэн манхан далайнууд
  • Энэ бол Миний төрсөн нутаг
  • Монголын сайхан орон.

Танил мөрүүд байгаа биз.

  • Нэг:
  • Хэнтий, Хангай, Саяаны
  • Хойд зүгийн чимэг болсон
  • Мэнэн шарга номины
  • Өмнө зүгийн манлай болсон
  • Энэ бол Миний төрсөн нутаг
  • Хоёр:
  • Өндөр сайхан нуруунууд
  • Ой хөвчийн уулнууд
  • Өргөн их говиуд
  • Элсэн манхан далайнууд
  • Монголын сайхан орон
  • Миний төрсөн нутаг, Монголын сайхан орон гэж 2 шүлэг болж байх юм гэдэг. Өдөр бүр өөрсдийнх нь эгнээнээс нэг хэсгээрээ хэлмэгдэн үрэгдэж байхад ямар юмаа бодоод л Нараа, Сараа гээд уянга бичээд суухав дээ, нээрээ. Нацгаа ах чинь “Их авгай” гэж жүжиг бичээд буудуулчихсан нөхөр байна лээшд. Их ав-ын гай, И хав-ын гай. 30-аад оны их хэлмэгдүүлэлтийн гайг зөгнөсөн утга санаатай байсым байх. Аль хэдийнэ тайлагдчихсан арга хэлбэрээр Ренчин гуайн зөвлөмжийн дагуу биччихсэн нь өөрт нь бууны сум болж очсийм гэнэ. Дамдинсүрэн зэрэг зарим нь Нацгийн үхэлд Ренчин гуайг буруутгах нь ч бий гэнэ. Бидний мэдэхгүй түүхээ гэж. Ердөө л 70-80хан жил. 80 жилийн өмнөхийг мэдэхгүй байж 800 жилийн өмнөх Чингисийг яаж мэдэх вэ дээ. Сүлд дууллынхаа үгийг сольчихсон гэж байгаа. Дотор нь юу байсныг мэдэх гадарлах хүн үгүй юм шигээ. Дамдинсүрэн гуай асар их зохиомж найрлагаар гүн, нарийн утгатай урласан бүтээлийг цөөн хэдэн товариш цаг үедээ тохируулж байгаа нэрээр бузарлаад хайцийм бишүү. 10 жилийн сургуульд иймэрхүү мэдлэгийг өгдөгсөн бол түүхээ мэддэг байхсан, уран зохиол сонирхдог байхсан, улс нийтээрээ урагшаа хардаг байхсан.

    Болоогүй тэгээд энэ чиглэлээр ганц судалгаа хийж байсан мань Нарантуяаг тэтгэвэрт нь хөөчихсөн гэж байгаа. Улс минь ч мөн зөв замаар будаа тээж явна даа. Вагонд суугаагүй бол надад хэн энэ тухай хэзээ хэлэх байсан юм бүү мэд. Танд ч гэсэн энэ талаар хэлж болох эхний бөгөөд эцсийн хүн нь би ч байж мэдэх нь байна.

    1. One Response to “Аян замын тэмдэглэл”

    2. By attellipshes on Jan 6, 2009

      Ваш пост навел меня на думки *ушел много думать* …

    Post a Comment