1Q84 буюу дүрмийн эсрэг

Ахтайгаа шатар нүүх охин маань заримдаа дүрэмгүй тоглоё гэж гуйна, эсвэл дүрэм зохиож тоглоё гэж шална. Яагаад гэхээр ТААЛАГДАХГҮЙ байна гэнэ. Тогтсон хэм хэмжээнээс хальж, хайрцагнаасаа илүү сэтгэх боломжийг бид номноос олж авдаг. Таалагдахгүй байгаа учраас таалагдаж магадгүй тэр орчноо, тэр хүнээ бас л номноос хайна. Хэрэв энэ зохиолоор кино хийвэл Тамаругийн дүрийг хэрхэн гаргах бол гэдэг надад маш сонин байх болно. Дүнсгэр хэр нь нямбай, дуу цөөтэй хэр нь маш их зүйлийг мэддэг, тийм нэг гадна дотор хоёр нь тэс өөр эр. Үлгэрийн нэгэн баатар.

Эдогава Ранпо “Хүн сандал”

Японы Аллан По гэгдэх энэ эрхэм Японы шинэ үеийн уран зохиолыг дэлхий дахинд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг манай уншигчид андахгүй. Араасаа олон мундаг зохиолчдыг төрүүлсэн гэдэг нь гарцаагүй. Хүний санаанд оромгүй орчинд уншигчдыг аваачиж, цочоож, гайхашруулж, ичээж бас айлгаж дөнгөнө.

Лев Толстой “Иван Ильичийн үхэл”

Үхлээ хүлээж хэвтэх хүн юу бодож, юунд шаналдаг тухай Толстой энэ тууждаа өгүүлжээ. Харин бидний хэлдгээр бол Иван Ильич буянгүй хүн байж. Арга ч үгүй биз, өөрийн ухаантай болж, нийгэмд хөл тавьж эхэлсэн цагаас л хар амиа хичээсэн болохоор өөрийнхөө үхлийг сонгосон нь тэр байж.  “Хүн хэрхэн төрөхөө сонгодоггүй, харин хэрхэн үхэхээ өөрөө сонгодог” гэж Харуки Мураками “1Q84”-төө бичсэн байсан.

Дахиад л Кафка

Кафкагийн бүтээлүүдийг ахин дахин уншихуйд нэгийг бодож, нөгөөг тунгаана. Гоёж чимэглэсэн яруу сайхан үгсийг хайгаад хэрэггүй, харин үгний цаана үг оршдог болохыг л мэдэх болно. Түүний өвөрмөц ертөнцтэй уншигч биднийг уулзуулсан эрхэм дуун хөрвүүлэгч нартаа баярлалаа. “Кафка монголчлогдож байна гэдэг Монголын оюун санаа эрүүл байгаагийн нэгэн шинж” (Гүн овгийн Г.Аюурзана). Богино өгүүллэгүүд нь Монгол хэлнээ орчуулагдаж байгаад уншигч би тун олзуурхаж, олон залуус Кафкад дурлаасай, ахин дахин уншаасай гэж хүснэм.

Калил Гибран “Зөнч”

Алмустафа Орфалэс хотод 12 жил амьдраад эцэст нь орхин одох тэр өдөр ирэхэд хотын иргэд түүнийг зорин ирж “Та бидний дунд онгод болон амьдрахад сүүдэр тань бидний нүүрэн дээр гэрэл мэт туссан билээ. Бидэн дунд чимээгүйхэн оршихдоо уйлахыг минь сонсож, инээхийг минь харж бүх л үнэнийг мэдсэн. Төрөхөөс үхэх хүртэл амьдралын үнэнийг бидэнд өгүүлээч. Түүнийг үеийн үед үр хүүхэддээ ярьж өгөх болно” гэж гуйсан болохоор Зөнч амьдралын тухай 26 үнэнийг өгүүлжээ.

“29張當票:典當不到的人生啟發”秦嗣林

Ямар ч цаг үед амьдарч байсан халуун сэтгэлээр бие биедээ туслана гэдэг сайхан. Хэн нэгний хувьд тэр хүн хэн ч биш байж болох өөр хэн нэгний сэтгэлд хамгийн үнэтэй тэр хүн нь байж болно. Өөрийгөө хэсэгхэн зуур түүний оронд тавиад бодоход л тэр хүний зовлонгийн өчүүхэн хэсгээс ч болов ойлгоно. Асуудал үгүй амьдрал гэж үгүй, бусдад тусалсан тэр сэтгэл хэзээ нэгэн цагт эргэн ирж, хэцүү цагт таныг босоход халуун сэтгэлээр туслах болно. Ийм сайхан итгэл хайрласан, урам өгсөн түүхүүдийг орой бүр уншиж байна даа.

Б.Сосорбарам “Атрынхан”

0-аад оны бүтээл, соц үнэртэй ном гэж битгий голоорой. “Атрынхан” номын хэсэг бүрийн гол баатрууд хөдөлмөрч залуус. Ажлыг бол жинхэнэ яралзуулна даа. Хэдийгээр цаг үе өөр, ажилчин малчин хүмүүст оногдуулсан бүтээмжийн хэмжээ хязгаар байсан хэдий ч хүн чанар ханхалсан шижигнэсэн залуус бэрхшээл зовлон үл ажран хэрхэн зүтгэж байгааг өгүүлнэ.

“Revenge” by Yoko Ogawa

Зохиолыг уншчихаад зохиогч эмэгтэйн зургийг интернэтээс олж харлаа. Ийм даруухан төрхтэй, бичгийн их хүнээс ийм нууцлаг, сонин ертөнц бас урган гарах гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Энгийн үгээр хүний сэтгэлийг хөдөлгөж, чичрүүлж, цочоож, уйлуулж, инээлгэж чадна гэдэг зохиолч хүний нэг чадвар байх.