Калил Гибран “Зөнч”

Алмустафа Орфалэс хотод 12 жил амьдраад эцэст нь орхин одох тэр өдөр ирэхэд хотын иргэд түүнийг зорин ирж “Та бидний дунд онгод болон амьдрахад сүүдэр тань бидний нүүрэн дээр гэрэл мэт туссан билээ. Бидэн дунд чимээгүйхэн оршихдоо уйлахыг минь сонсож, инээхийг минь харж бүх л үнэнийг мэдсэн. Төрөхөөс үхэх хүртэл амьдралын үнэнийг бидэнд өгүүлээч. Түүнийг үеийн үед үр хүүхэддээ ярьж өгөх болно” гэж гуйсан болохоор Зөнч амьдралын тухай 26 үнэнийг өгүүлжээ.

“29張當票:典當不到的人生啟發”秦嗣林

Ямар ч цаг үед амьдарч байсан халуун сэтгэлээр бие биедээ туслана гэдэг сайхан. Хэн нэгний хувьд тэр хүн хэн ч биш байж болох өөр хэн нэгний сэтгэлд хамгийн үнэтэй тэр хүн нь байж болно. Өөрийгөө хэсэгхэн зуур түүний оронд тавиад бодоход л тэр хүний зовлонгийн өчүүхэн хэсгээс ч болов ойлгоно. Асуудал үгүй амьдрал гэж үгүй, бусдад тусалсан тэр сэтгэл хэзээ нэгэн цагт эргэн ирж, хэцүү цагт таныг босоход халуун сэтгэлээр туслах болно. Ийм сайхан итгэл хайрласан, урам өгсөн түүхүүдийг орой бүр уншиж байна даа.

Б.Сосорбарам “Атрынхан”

0-аад оны бүтээл, соц үнэртэй ном гэж битгий голоорой. “Атрынхан” номын хэсэг бүрийн гол баатрууд хөдөлмөрч залуус. Ажлыг бол жинхэнэ яралзуулна даа. Хэдийгээр цаг үе өөр, ажилчин малчин хүмүүст оногдуулсан бүтээмжийн хэмжээ хязгаар байсан хэдий ч хүн чанар ханхалсан шижигнэсэн залуус бэрхшээл зовлон үл ажран хэрхэн зүтгэж байгааг өгүүлнэ.

“Revenge” by Yoko Ogawa

Зохиолыг уншчихаад зохиогч эмэгтэйн зургийг интернэтээс олж харлаа. Ийм даруухан төрхтэй, бичгийн их хүнээс ийм нууцлаг, сонин ертөнц бас урган гарах гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Энгийн үгээр хүний сэтгэлийг хөдөлгөж, чичрүүлж, цочоож, уйлуулж, инээлгэж чадна гэдэг зохиолч хүний нэг чадвар байх.

“他的國”韩寒

Инээдтэй ч гэсэн эмгэнэлтэй тэр нэгэн хот, гол дүрийн баатар, хотын иргэд бүгд өрөвдөлтэй. Үйлдвэржилт, улс орны хурдацтай хөгжил өнө удаан жил үе дамжин амьдарч ирсэн хүн ардын амьдралд ямар аймшигтай нөлөөлдгийг Хан Ха зоригтой өгүүлжээ.

“The Reader” by Bernhard Schlink

Филиппинийн нэгэн жижигхэн арлын хуучин номын дэлгүүрээс энэ номыг олж авсан юм. Бараг хагас жилийн өмнө эрхэм номын анд Туяагийн бичсэн тэмдэглэлийг санаж билээ. Хуучин хэдий ч үнгэгдэж муудаагүй, хямдхан энэ ном харин сэтгэлд нийцэх болов уу гэж эргэлзсэнээ нуух юун.

“Elizabeth is missing” by Emma Healey

Зохиолч 70 жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг зэрэгцүүлж бичихдээ уншигчдыг огтоос төөрөлдүүлсэнгүй. Хүний дурсамж олон зүйлээр эргэн ирдэг. Үнэр, өнгө, байгалийн үзэгдэл, амт, хүсэл, хөгжим, мэдрэмж гээд хүний дурсамжийг сэргээх олон зүйл бий. Ой санамжаа алдсан хүнд заримдаа бүх зүйл шинэ юм шиг санагдана. Үүнийг зохиолч үгээр гайхалтай дүрсэлж, яг л Мауд эмээгийн нүдээр орчин тойрноо харж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

“Carol” by Patricia Highsmith

Өрөөгөө хуваан түрээсэлдэг байсан Тайвань охидыг би ижил хүйстнүүд гэдгийг анхнаасаа л мэддэг байсан. Гайхах зүйл юу байхав, хүний хорвоогийн жам хойно. Гэм хоргүй сайхан нөхөрлөж өдийг хүрлээ, хааяа тэднийгээ санаж, очих бүртээ цаг гарган уулзаж хацраа өвдтөл инээж авна даа.