Заримдаа ажил хийгээд ч байгаа юм шиг, үр дүнг нь харъя гэхэд үзүүлэх юмгүй мэт санагддаг бол та ганцаараа биш шүү. Үнэхээр чин сэтгэлээсээ дурлаад хийгээд суухад цаг хугацааг ч анзаарахгүй өнгөрөөдөг. Гэхдээ ажил дээрээ дандаа ийм мэдрэмжийг авдаг уу гэвэл бас л бодох асуудал. Ийм мэдрэмж холдоод ирэхээр хийж буй ажлаасаа таашаал авахгүй байгаа мэт санагдаж яваа яваандаа яах гэж ажил хийгээд байгаагаа ч мэдэхгүй тийм гацаанд орох тохиолдол бий. Энэ гацаанд удвал харин байдал хурцдаж өөрөө зэврэхээс гадна байгууллагад мөн үүнийгээ дагасан хохирлуудыг чимээгүй авчирч байдаг.

Гацаанаас гарах нэг боломж бол мэргэжлийн көүчтэй ярилцах. Эндээс цааш бичихээс өмнө “Көүч” гэж хэн бэ гэдгийг энгийнээр тайлбарлая. Көүчийг бид ментортой хольж ойлгох нь байдаг. Ментор хүн бол өөрийн гишгэсэн мөрөөр дагуулан, үлгэр дуурайлал болж хамтдаа хөгжиж буй тэр хүнийг хэлдэг. Гэтэл көүчийг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүстэй бас андуурах тохиолдол ч бий. Зөвлөх үйлчилгээ гэдэг бол нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд өөрийн туршлага дээр тулгуурлан замыг нь зааж, төлөвлөж, зөвлөж, алдааг нь ойлгуулж өгдөг. Харин көүчийн үүрэг тун сонирхолтой. Тухайн хүнд буй нөөц бололцоо, авьяас чадвар, итгэл үнэмшил, хүч тэнхээг нээхэд хамтран ажиллаж, нэг цэгээс нөгөөд хүрэхэд чиглүүлэн өгдөг хүнийг көүч гэнэ. Көүч нар өөрсдийн гэсэн салбараа, туршлага хуримтлуулсан талбараа сонгон ажиллаж, амьдралын көүч, ажил мэргэжлийн көүч, мэргэжил сонголтын көүч гэх мэтээр ажилладаг. Өөрсдийгөө көүч хэмээн нэрлэсэн болгон туршлагатай гэсэн үг бас биш. Мэргэжлийн хүн мөн эсэх, мэдлэг туршлагыг нотлох албан ёсны нотолгоо байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй. Олон улсын Көүчинг Холбооноос (International Coaching Federation ICF) эрхээ авсан эсэхийг эндээс харж болдог. 

 

Карьер көүчинг үйлчилгээ гэж юу вэ?

Көүчтэй ажил мэргэжлийн талаар ярилцахад эхлэх цэг, дуусах газар үгүй. Өөрөөр хэлбэл та маш өргөн сэдвийн хүрээнд ярилцаж өөрийгөө нээх боломжтой. Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ сэдвийг ажил үүргийн нэг хэсэг болгон байгууллагын амин судас болсон ажилтан албан хаагчдаа идэвхижүүлж, сургаж, чиглүүлж өгдөг.

Гацаанд орчихсон байгаагийн цаад шалтгааныг хүн бүр янз бүрээр тайлбарладаг. Ажлын ачаалал их, хамт олны уур амьсгал тааруу, ажил амьдралаа зохицуулж чадахгүй байх, ажлын бүтээмж нь авч буй цалинтай нийцэхгүй байгаа мэт санагдах гэх зэрэг олон зүйлийг бид тоочиж болно.

Карьер көүчинг үйлчилгээ авах нь бусад төрлийн үйлчилгээнээс арай урт хугацаа шаарддаг. Дийлэнх көүчинг үйлчилгээнүүд 6-8 долоо хоног байдаг бол томоохон өөрчлөлтийг хийх хүсэлтэй хүмүүс хагас жил хүртэл үргэлжлэх үйлчилгээг сонгодог.

Энэ олон цагийн яриан дунд тогтсон сэдвийн дагуу ярилцахаас гадна заримдаа ямар ч хөтөлбөргүйгээр өмнөх ярилцлагаас гарсан үр дүнд тулгуурлан шууд ярилцах нь ч бий.

Гадаад хэл сураад ажлаа өөрчлөх зорилго тавьсан бол гадаад хэл сурах уу байх уу гэсэн сэдвээр ярилцах нь тохиромжгүй. Учир нь гол зорилго маань ажлаа өөрчлөх, үүнд хүрэх гол арга зам нь хэлний мэдлэгээ сайжруулах. Зорилгоос хамаараад ярилцаж байх үед цаг заримдаа хурдан өнгөрнө, гэтэл зорилгоосоо хазайсан сэдвээр ярилцах нь хайран цагийн гарз болох нь гарцаагүй.

Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, сэтгэл хангалуун аз жаргалтайгаар ажиллахын тулд көүчинг үйлчилгээ авах гэж байгаа бол дараах сэдвүүдээс сонгон мэргэжлийн көүчтэйгээ ярилцаад үзээрэй.

  1. Ур чадвараа сайжруулах – Энэ сэдэв бол карьер төлөвлөлт хийж буй хэн бүхэнд хамаатай сэдэв. Гацаанд орсны нэг шалтгаан нь ур чадвартай холбоотой байх ч яг үнэндээ үүнийг анзаарч, сайжруулах хэрэгтэй гэдэгтэйгээ нүүр тулах хүн ховор. Би чадлаараа хичээж байна, харин тэнд л нэг зүйл болохгүй байна гэх нь бий. Гэтэл ажилд дөнгөж орсон хамтрагчийн мэдлэгийн хүрээ өргөн, хэлний боловсрол гаргуун байхыг хараад өөрийгөө голж, ур чадвараа сайжруулахсан гэж бодож көүчид ханддаг хүмүүс ч байдаг. Ямар ч байсан өөрт байгаагаа бололцоогоо мэргэжлийн көүчийн тусламжтайгаар нээн илрүүлж, хэд хэдэн удаагийн ярилцлагад ороод үзсний дараа олон боломжийг олж харж, амьдралдаа хэрэгжүүлэх түлхүүрээ олдог.
  2. Ажил, амьдралын тэнцвэр – Яаж ч хичээсэн болохгүй байгаа мэт санагдах үед ажлын бүтээмжээс гадна эрүүл мэндээрээ хохирч эхэлдэг. Хийгээд хийгээд барагдахгүй их ажлыг нугалан, үр хүүхэд, гэр бүл, өөртөө гаргах цагаа умартан ажиллаж байгаагаа сайн ажиллаж байна гэдэг үе хэдийнээ өнгөрсөн. Ажил амьдарлаа тэнцвэртэй авч явахад хэрэгтэй олон арга, хэвшил байдаг ч тэр бүр ян тан хэрэгжүүлээд явах гэхээр асуудал үүсч байвал мэргэжлийн көүчтэй уулзаад үзээрэй.
  3. Харилцааны ур чадвараа сайжруулах – Мэргэжилдээ сайн ч харилцаандаа асуудалтай бол хол явахад хэцүү. Ямар ч албан тушаалд байсан харилцааны өндөр ур чадвартай байхад алзахгүй. Энэ ур чадвараа нээн мэргэжлийн көүчтэй хамт хөгжүүлж чадвал алдаа гаргахаас зайлсхийж, зөвхөн ажлын байранд гэлтгүй амьдралын олон төрлийн харилцаанд ахиц харагдах нь гарцаагүй.
  4. Албан тушаал ахих – Ажилдаа амжилт гаргана гэдэг зөвхөн нэг газраа амжилттай удаан сууна гэсэн үг биш. Туршлага хуримтлуулж, өөрийгөө юу хийж чаддагаа харуулж чадаад дээр нь албан тушаал ахих хүсэл төрнө гэдэг буруу зүйл огт биш. Яг энэ үедээ мэргэжлийн көүчтэй уулзаж, карьер замналаа ярилцаж, одоо байгаа нөхцөд байдлаа тодорхойлон, ямар ур чадвараа сайжруулах хэрэгцээтэй байгаагаа мэдэж, зорилго тавин зүтгэх боломжтой.
  5. Ажил бол ажил – Ажил амьдралаа тэнцвэртэй авч явахад энэ зүйл маш чухал. Том мөрөөдөж, зорилгоо тодорхойлчихоод зүтгэх үед энэ үгийг сонсоход утгагүй боловч эрүүл, сайхан амьдралыг ирээдүйгээ гэж харсан хүнд ажил бол ажил ч байдаг. Тэгэхээр мэргэжлийн көүчтэй ярилцаж, энэ хэм хэмжээгээ тогтоогоод аваарай.
  6. Үр дүнтэй ажиллах – Мэргэжлийн көүчтэй ярилцах үедээ чиний хувьд үр дүнтэй ажиллана гэдэг нь яг юу болох нь тодорхой болдог. Сайн ажиллах, цалин өнлөр авах, эсвэл ажил нь амьдралд нь тээр дараа болдоггүй гээд үр дүнг хүн бүр өөр өөрөөр хардаг. Өөрт байгаа нөөц бололцоог зөв хуваарилан, ажлаа аз жаргалтай хийхийг хүсэхгүй хүн гэж үгүй байх.
  7. Сэтгэлийн эрүүл мэнд – Эрүүл биед саруул ухаан оршдог. Карьер төлөвлөлт хийх үед биеийн эрүүл мэндээ харгалзан үздэг хэр нь сэтгэлийн эрүүл мэндээ хаях нь бий. Мэргэжлийн көүчтэй ярилцах үед сэтгэлийн эрүүл мэндийн асуудлууд, түүний гарц гаргалгаа гарч ирдэг. Завгүй бухимдалтай ажиллах, аз жаргалтайгаар хичээн ажиллах хоёрын хооронд асар том ялгаа бий.
  8. Бусдыг удирдах – Зүв зүгээр ажлаа хийж явтал захирал хэдэн хүн хариуцаж ажилла гэсэн үүрэг даалгавар өгчихлөө. Би амьдралдаа хүн удирдаж явсангүй гэж шинэхэн менежерүүд мэргэжлийн көүчтэй уулзахдаа хэлдэг. Энэ бол энгийн үзэгдэл, даваад л гарах даваа. Энэ сэдвээр көүчинг үйлчилгээ авах үед чадна, эсвэл чадахгүй гэсэн хариултыг биш дийлэнхдээ хэрхэн чадах вэ гэсэн асуултынхаа хариултыг өөрөөсөө олдог.
  9. Олны өмнө ярих – Ажлаа гүйцэтгэж байх үед ийм даалгавар үе үе ирдэг. Энэ ч мөн хөгжүүлж болдог ур чадвар бөгөөд мэргэжлийн көүчтэй уулзаж, өөрөө өөрийгөө хурцлан, өөртөө итгэх итгэлээ нэмж болдог. Илтгэл тавих, үг хэлэх, олны өмнө гарах гэхээр айдас төрдөг бол көүчтэй уулзаарай.
  10. Итгэл үнэмшлээ эвдэх – Өнгөрсөнд болсон үйл явдлаас болоод зарим зүйлийн талаар бат бөх итгэл үнэмшил төрсөн байдаг. Би угаасаа даруухан юм чинь илтгэл тавьж чадахгүй, эмэгтэй хүн хүүхэд гаргавал карьер нь зогсдог гэх мэт хэвшмэл ойлголт, өөрийн итгэл үнэмшлээс болж ажлын байранд олон сайхан боломжийг өөрөөсөө түлхдэг. Хэрэв танд эвдэж чадамгүй итгэл үнэмшил байгаал, энэ нь сурч хөгжихөд саад болж байгаа бол мэргэжлийн көүчтэй ярилцаад үзээрэй.
  11. Шүүмжлэл – Ажлын байрандаа шүүмжлэл хүлээн авна гэдэг амаргүй. Муу хэлэх, атаархах гэдгээс бодит шүүмжлэлийг ялгаж салгаагүйгээс үүдэх асуудлууд ажил дээр гарч болдог. Шүүмжлэл сонссон хүн гомдоод буруу бодол тээж, гомдол нь хурсаар уур бухимдал болж болно. Мэргэжлийн көүчтэй ярилцсаны дараа шүүмжлэлд хандах хандлага, хүлээн авах байдал ч эрс өөрчлөгддөг.
  12. Ажлаа өөрчлөх – Яг энэ үед мэргэжлийн көүчтэй уулзах нь тохиромжтой. Гаргаж буй шийдвэр оновчтой эсэх, цаашид амьдралын цоо шинэ хуудас нээхэд боломжтой эсэх дээр өөр лүүгээ өнгийх харах боломжийг мэргэжлийн көүч өгдөг.

Көүчтэй уулзахаасаа өмнө яагаад уулзах болсон шалтгаанаа нэг бодоод үзээрэй. Зүгээр л юу асуухыг нь сонсох биш, би энэ уулзалтын дараа ийм зүйлийг ойлгосон баймаар байна гэдгээ тодорхой болгох нь үр дүнтэй уулзалтын эхлэл. Ажил мэргэжилтэй холбоотой энэ олон асуудлаас алийг нь эхэлж ярилцах нь чухал шүү. Бүгдийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй болохоор бүх асуудлын учгийг ганцхан цагийн дотор тайлах гэж яарах хэрэггүй. Жишээ нь ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаагаа мэддэг ч бүх асуудлын буруу цалин хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэж бодож байгаа бол санаа зоволтгүй энэ бодлоо көүчтэйгээ хуваалцаж болно. Мэргэжлийн көүч хүн эхний хэдхэн минутын яриан дундаас гол асуудлыг харж, цааш яриаг хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэг, зөв асуултаар чиглүүлдэг. Ингэж цэгцтэй яриа өрнүүлж, гол сэдвээсээ хазайлгүй, үр дүнтэй ярилцах үед танд ч мөн гарц гаргалгаа, нөөц боломжууд бодогдож эхэлнэ. Мэргэжлийн көүчтэй уулзаж ярилцаж үзсэн хүн амьдралыг олон талаас нь харж, асуудалд оновчтой шийдлийг олж чаддаг болдог.

 

Leave a Reply